Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022 тавдугаар сарын 4-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх талаар хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр “Төрийн болон орон нутгийн өмчийн компанийн тухай хууль маш их саад бэрхшээлийг давж энэ танхимд орж ирсэн. Үүнийг оруулахгүй байх маш том эрх мэдэл, мөнгөний сонирхол байж ирсэн. Өнөөдрийг хүртэл төрийн өмчийн компаниудыг байгуулж, тэнд хүнээ тавьж, тэнд шахаа хийж, хамаг баялагийг хувьдаа идэж ууж, гахай шиг таргалж байсан хүмүүс үүнд саад болж байсан. Энэ хууль маш олон авлигачдын эрх ашгийг хөндөж байгаа. Тийм учраас УИХ 2019 онд үндсэн хуулийн өөрчлөлт хийсэн. УИХ-ын сонгууль болон ерөнхийлөгчийн сонгуульд баялагтаа эзэн Монгол гэсэн мөрийн хөтөлбөртэйгөөр бид оролцсон. Баялгийн эзэн Монголын ард түмэн байна.
Харин тэнд шахаа хийгсэд, баялгийг ухаж байгаа төрийн өмчийн компаниуд биш ээ гэдгийг бид зарласан. Энэ өөрчлөлтийг хийсэн. Үүнийг хуулиар хийх анхны том реформ орж ирж байгаа. Гэхдээ бүгдээрээ гэсэн үг биш. Баялгийг тэгш, ард түмэндээ хүртээх зүйлийг хийнэ. Үүнийг төрийн өмчийн компанийн хувьцаагаар дамжуулж олон нийтийн оролцоо, хяналтыг хийнэ. Үүнд намын цүнх баригч биш, мэргэжлийн хараат бус, олон нийтийн хяналттай, ил тод засаглалтай ийм компанийн засаглалыг бүрдүүлнэ. Төрийн өмчийн компанийн захирлууд компанийн өмчийг хувийн өмч мэт захиран зарцуулдаг” гэв.
Д.Батчулуун