Орон нутгийн нөхөн болон дахин сонгуулийг шударга зохион байгуулахыг шаардаж жагсаж байна. Энэ үеэр АН-ын Хууль эрх зүй хариуцсан албаны дарга О.Баасанхүү үг хэллээ.
Тэрбээр "Аливаа эрх мэдэл тэр дундаа төрийн бүх шатны эрх мэдэл хуулийн хүрээнд солигдох, хадгалагдах, өөрчлөгдөх ёстой. Хуулийн хүрээнд гэдэг нь сонгуулиар. Хууль бус байвал хувьсгалаар. Гэтэл өнөөдөр хуулийн хүрээнд хийгдэх ёстой ажил нь хуулийн хүрээнд хийгдэж чадахгүй байна. Хоёр жилийн өмнөх энэ өдөр бүгд сурталчилгаа хийгээд явж байсан.
Харамсалтай нь сонгуулийн ерөнхий хороо өөрөө хуулиа мөрддөггүй учраас ард түмэн сонгуульд итгэх итгэл суларч байна. Ардчилсан нам Ардчиллыг бий болгохдоо сонгуулийн зарчмаар шударгаар өрсөлдөж, хэн ч ялсан их барьж яваасай гэж хүсдэг. Бүхэл бүтэн зургаан жилийн хугацаанд 65-уулаа энэ нөхдүүд сонгуулийн шинэчлэлийг огт хийхгүй байгаа. Үндсэн хуулийн шинэчлэл гэх үлгэр ярьж байна.
МАН шударга ёсыг тогтооно, ЖДҮ-тэй тэмцэнэ, эдийн засгийг өсгөнө гэх мэтчилэн олон зүйлийг ярьж байсан. Бодит байдал дээр юу ч хийгээгүй учир үндсэн хуулийг шинэчилнэ гэсэн. Шударга бус байдал нь хэрээс хэтэрлээ. Сэтгүүлчдийн үгээ хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө байхгүй боллоо. Нөхөн сонгуулийг өнөөдөр шиг хэл амтай, сүр дуулиантай хийж байсан тохиолдол түүхэнд байхгүй. Цаашид сонгуулийг хэзээ ч шударга хийж чадахгүй юм байна.
Иймээс Сонгуулийн Ерөнхий хороонд албан ёсоор шаардлагыг оруулж өгнө. Ард түмэн маш бухимдалтай байна. Дөнгөж төрсөн хүүхэд 25 сая төгрөгийн өрөнд орчихсон байна. Улс орон дампуурах гээд байгаа энэ үед сонгууль нь шударга байж чадахгүй бол улс сүйрлээ. Бид 2024 оныг хүлээхэд хэцүү байна. Энэхүү шударга шаардлагыг хамтдаа шаардацгаая” гэв.
Д.Батчулуун