Засгийн газар хуралдааны шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эм эмчилгээ болон тэдэнд үзүүлж буй Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах чиглэлээр Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлэл өглөө.
Тэрбээр “Манай улс уналт таталттай хүүхдүүд, насанд хүрэгчид хөнгөлөлттэй үнээр эмээ авдаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн төлөөлөлтэй уулзаж, Ерөнхий сайд чиглэл өгсний дагуу хэрэглэж байгаа эмүүдийг төр даах шийдвэр гаргасан.
Өөрөөр хэлбэл, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн уналт таталтын эмийг төрөөс даана. Энэ шийдвэр Эрүүлмэндийн даатгалын үндэсний зөвлөлөөр баталгааждаг. Бид судалгаа хийж байгаа. Энэ сардаа багтаад энэ тогтоолыг албажуулна. Хоёрдугаарт, ялангуяа тархины шалтгаант саажилттай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эмчилгээний асуудлыг цогцоор шийдэх үүрэг чиглэлийг өгсөн. Эхний элжинд гадагшаа явж эмчилгээ хийлгэж байгаа Мэдрэлийн ёзоор тайрч, уналт таталтыг багасгаж байгаа эмчилгээг энэ ондоо багтааж өөрийн улсдаа хийх нөхцөлийг бүрдүүлнэ. Үүний дагуу Энэтхэг болон Турк улстай холбогдоод явж байна.
Мөн Сонсголонд байрлах Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сэргээн засах хөгжлийн төв дээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг цогцоор үзүүлэх боломжийг судалж, тусгай зөвшөөрөлд болон хүний нөөцтэй дээр дэмжлэг үзүүлж ажиллахаар болсон. Ажлын хэсэг гарч судалгааны ажлууд хийгдээд явж байна” гэв.
Д.Батчулуун