Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар Агаарын тээврийн талаар зарим авах арга хэмжээ батлагдлаа. Тогтоол хоёр хэсгээс бүрдэнэ. Нэгдүгээрт, “МИАТ” ХХК-д засгийн газрын нөөц хөрөнгөөс 4.7 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор боллоо. Учир нь “МИАТ” ХХК одоогийн байдлаар Европ буюу Германы Франкфурт, Улаанбаатар чиглэлд долоо хоногт хоёр удаа нисэж байна. Аялал жуулчлалын улирал эхэлсэнтэй холбогдуулан долоо, найм, есдүгээр саруудад долоо хоногт тав хүртэлх давтамжтайгаар нислэг үйлдэх чиглэлийг засгийн газраас гаргасан. Үүнд шаардагдах санхүүжилтийг засгийн газраас гаргана.
Хоёрдугаарт, Хуваарьт нислэг гүйцэтгэж буй дотоодын агаарын тээвэрлэгчдийн МИАТ ТӨХК, “Аэромонголиа” ХХК, Хүннү Эйр ХХК, Изинис Эйрвэйс ХХК-ийн үйл ажиллагааг тогтворжуулахад хэрэгцээтэй 145 тэрбум төгрөгийн бага хүүтэй, хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд олгох нэмэлт нэг их наяд төгрөгийн зээл олголтын гүйцэтгэлтэй уялдуулан, батлагдсан хүүгийн татаасын хэмжээнд багтаан шийдвэрлэхээр тусгалаа" гэв.
М.Балжинням