Өнөөдөр Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан боллоо. Хуралдаанаар одоогийн хэрэгжиж байгаа сонгуулийн тогтолцоо Үндсэн хуультай нийцэж байгаа талаар хэлэлцсэн. Энэ талаар ХҮН намын Хууль, эрх зүй хариуцсан нарийн бичгийн дарга, хуульч Д.Үүрцайх дараах тайлбар мэдээллийг сэтгүүлчдэд өглөө.
Тэрбээр "Монгол улсын үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болж түүхэнд тодоор бичигдэх зарчмын суурь шийдвэрийг гаргалаа. Бидний зүгээс одоогийн сонгуулийн тогтолцоо Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх талаар үндсэн мэдээллийг гаргасан. Энэ хүрээнд "Үндсэн хуулийн цэцийн 2012 оны хоёрдугаар дүгнэлт, 2012 оны түүнийг эцэслэн шийдвэрлэсэн гуравдугаар тогтоол, 2016 оны тавдугаар дүгнэлт" зэрэг Үндсэн хуулийн цэцийн шийдвэрүүд агуулгын хувьд хоорондоо зөрчилдөж, эрх зүйн тодорхойгүй байдал үүсгэж байгаа учир энэ асуудлыг дахин хэлэлцэж, эцэслэн шийдвэрлэж өгөхийг хүссэн. Харин өнөөдөр Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болж эдгээр дүгнэлтүүд хоорондоо зөрчилдсөн гэж дүгнэсэн.
Мөн Үндсэн хуулийн 21.4 хэсэгт байгаа УИХ-ын сонгуулийн журмыг хуулиар тогтооно гэсэн зохицуулалтын хүрээнд хууль тогтоогч "сонгуулийн тогтолцооны сонгох, сонгогдох эрхийг сонгон хуульчлах онцгой бүрэн эрх нь УИХ-д хадгалагдаж байна” хэмээн дүгнэлээ. Хууль тогтоогч сонгуулийн тогтолцоог өөрөө сонгон хэрэглэж болох бололцоог нээж байгаа боловч сонгуулийн сонгох, сонгогдох эрхийн тэгш байдлыг хангасан шууд байх гэдэг зарчмыг хүний нэр дугуйлах биш, сонгогчийн өгсөн саналд үндэслэж сонгуулийн дүн гардаг байх гэсэн тогтолцоог сонгон хуульчлах боломжтой байна. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр "Үндсэн хуулийн 21.4 дэх өөрчлөлтөөр УИХ-ын бүрэн эрхийг тодорхой болгож, энэ асуудлыг дахин авч үзэж эцэслэн шийдвэрлэж байна" хэмээн цэцийн шийдвэрийг танилцууллаа. Мөн энэ шийдвэр гарсан цагаасаа буюу яг одоогоос эхэлж хүчин төгөлдөр хэрэгжих юм" гэв.
Т.Мөнхжаргал