УИХ-ын чуулганы хуралдаанаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж байна. Өнөөдрийн хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл тэдгээрийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн батлах юм.
Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн санал хураалтын дараа УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ. Тэрбээр "Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа. Ийнхүү үндэсний их баяр цэнгүүн, үндэсний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон монгол наадмыг хэл ам, хэрүүл уруулгүй зохион байгуулах асуудалд холбогдох яамд, ажлын хэсэг, холбоод онцгой анхаарч, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэхэд хүчээ нэгтгэж, хичээл зүтгэлтэй ажиллахыг уриалж, хуулиа хэрэгжүүлэхийг хүсье" гэв.
Д.Батчулуун