Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. Монгол улс ойн агентлаг байгуулах тогтоол гарсан тухай Байгаль Орчин, Аялал Жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ мэдээллээ.
Тэрбээр "Ойн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль"-ийн төсөл УИХ-ын нэгдсэн чуулганаар батлагдаж, ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын чиг үүргийг хуулиар тогтоосон. Ийнхүү “Ойн агентлаг” байгуулагдах ажил хуулийн дагуу явагдаж өнөөдөр Монгол Улсын Засгийн газраас "Ойн агентлаг" байгуулах тогтоол гаргалаа. Ингэснээр сүүлийн зургаан сар гаруй саатаад байсан Ойн агентлагтай холбоотой төсвүүд хөдөлж эхэлнэ. Мөн Ойн судалгаа, хөгжлийн төвийн 12 албан хаагч өнгөрсөн зургаан сарын хугацаанд төсвийн эрх нээгдээгүй байсантай холбогдуулж цалингүй ажилласан. Энэ хүмүүсийн цалин олгогдож эхэлнэ гэсэн үг. Мөн өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар 2023-2024 оныг Монголд зочлох жил болгон албан ёсоор зарлаж байна" гэв.