Манай тусгай сурвалжлагч С.Ононтуул Бүгд Найрамдах Сингапур Улсаас мэдээлж байна.
Бүгд Найрамдах Сингапур Улсад хийж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн албан ёсны айлчлал үргэлжилж байна. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга байхдаа 2019 онд тус улсад ажиллаж цахим засаг, төрийн албаны шинэчлэл, хуримтлалын сангийн сайн туршлагыг судлахаар ирж байсан юм. Харин энэ удаа Ерөнхий сайдын хувиар албан ёсны айлчлал хийж байна.
11 жилийн дараа Монгол Улсаас Ерөнхий сайдын төвшинд хийж байгаа албан ёсны айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхий сайдад Сингапурын Харилцаа холбоо, мэдээллийн сайд Жосефин Тео бараалхлаа. Сингапур Улс нь цахим хөгжил, дижитал шилжилт, мэдээлэл, харилцаа холбоо, технологийн хөгжлөөрөө дэлхийд тэргүүлэх эгнээнд багтаж байгаа орны нэг.
Цахим үндэстэн болох зорилт тавин ажиллаж байгаа манай улсын хувьд энэ оноос Цахим хөгжил, харилцаа холбооны яамтай болон ажиллаж байгаа. Тус яамны сайдын үүргийг давхар хариуцан ажиллаж байгаа Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, УИХ-ын гишүүн, Инноваци, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал нар Ерөнхий сайдын айлчлалын албан ёсны төлөөлөгчийн бүрэлдэхүүнд багтсан бөгөөд цахим засаглал хөгжүүлсэн сайн туршлагаас суралцах, мэдээлэл харилцаа холбооны салбарын институцийг бэхжүүлэх, кибер аюулгүй байдлыг хангах чиглэлд Сингапур улстай хамтран ажиллах хүсэлтээ тавьсан юм.
Айлчлалын хүрээнд “Цахим шилжилтэд тулгуурласан төрийн албаны шинэчлэл” төслийг Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам, Сингапурын Үндэсний их сургууль хооронд хамтран ажиллах санамж бичгийг байгуулж байгаа юм.