Манай тусгай сурвалжлагч С.Ононтуул Бүгд Найрамдах Сингапур Улсаас мэдээлж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Сингапур Улсад албан ёсны айлчлал өндөрлөлөө. Уг айлчлалтай холбогдуулан Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн тодруулгыг хүргэе.
Тэрбээр, “Монгол Улсын Ерөнхий сайд Сингапур улсын Ерөнхий сайд Ли Сүен Лүний урилгаар албан ёсны айлчлал өндөрлөлөө. Энэхүү айлчлал Ерөнхий сайдын хувиар 11 жилийн дараа хэрэгжиж байгаа бөгөөд цар тахлын дараа олон улсад хийж байгаа анхны айлчлал гэдгээрээ онцлог.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2019 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байхдаа Сингапур Улсын хөгжлийн гол тулгуур, цахим хөгжлийн талаар судалж Монгол Улсад энэхүү сайн туршлагыг нутагшуулах чиглэлээр ирж ажиллаж байсан. Үүний хүрээнд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Сингапур Улстай Засгийн газрын түвшинд ажиллаж байгаад туршлага судалсан ажлаа бодит болгохоор айлчилж байгаа гэж хэлж болно. Айлчлалын хүрээнд Сингапур Ерөнхий сайдтай хэлэлцээ хийсэн төдийгүй өмнө нь судалж байсан чиглэлийн дагуу байгууллагуудтай уулзлаа. Онцолбол, хуримтлалын нэгдсэн сан, орон сууцны зөвлөл, хамтын ажиллагааны байгууллагууд зэрэг зочилсон бүх байгууллага Монгол Улстай хэрхэн хамтран ажиллах мэдээллийг тусгайлан бэлджээ. Айлчлалын хүрээнд хамтын ажиллагааны дөрвөн баримт бичиг байгууллаа.
Өмнө нь Сингапур Улсад төрийн өндөр хэмжээний айлчлал цөөхөн хийсэн бөгөөд бодитой хамтын ажиллагааны чиглэлээр цөөхөн баримт бичиг байгуулсан байдаг. Цаашид айлчлалын үр дүнг чанартай болгохын тулд холбогдох байгууллагууд уялдаа холбоог сайтар хангаж ажиллах хэрэгтэй болж байна” гэлээ.