Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу хоёр улсын хилд Баянхошуу-Өвдөг, Замын-Үүд-Эрээн, Ханги-Мандал, Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхээ, Бургастай-Лаоемяо, Булган-Такашикэн, Бичигт-Зүүнхатавч, Хавирга-Архашаат гэсэн байнгын ажиллагаатай авто замын 9 боомт ажиллахаар тохиролцсон байдаг. Эдгээр 9 боомтоос өнөөгийн байдлаар 7 боомт нээлттэй ажиллаж, ачаа тээврийн хөдөлгөөн хэвийн явж байна.
Цар тахлын улмаас Хятадын талын саналын дагуу хаалттай байгаа Бичигт-Зүүнхатавч, Хавирга-Архашаат авто замын боомтуудын ачаа тээврийн хөдөлгөөнийг сэргээх чиглэлээр дипломат шугамаар ажилласны дүнд 2021 оны 8 дугаар 22-ны өдрөөс хойш хаалттай байгаа Бичигт-Зүүнхатавч авто замын боомтын үйл ажиллагааг сэргээж, Хятадын талд гацсан 200 гаруй тээврийн хэрэгслийг татан авах ажлыг энэ сарын 22-ны өдрөөс эхлүүллээ.
Улмаар нүүрс тээврийн авто машиныг улсын хилээр нэвтрүүлж эхлэх бөгөөд цаашид газрын тос болон бусад шаардлагатай экспорт-импортын тээвэрлэлтийг нэмэгдүүлэхээр Хятадын талтай тохиролцоод байна. Хавирга-Архашаат авто замын боомтын хувьд Хятадын тал уул уурхайн бүтээгдэхүүн шилжүүлэн ачих болон халдвар хамгаалал, ариутгалын байгууламжийн бүтээн байгуулалтаа ойрын хугацаанд дуусгаж, тус боомтын үйл ажиллагааг сэргээнэ хэмээн мэдэгдээд байна.