Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "АИ92 шатахууны гаалийн албан татварыг 2022 он дуустал чөлөөлөх талаар Засгийн газрын тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулсан. Нэгдүгээр сарын 1-нээс өнөөдрийг хүртэлх хугацаанд газрын тосны бүтээгдэхүүний үнэ 70-80 хувь өссөн. Үүнтэй холбогдуулан зарим улсад тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа бол зарим нь хэвээр нь үлдээж байна.
Харин Манай улсын хувьд гол нэрийн бараа бүтээгдэхүүний хуулийг боловсруулсан. Уг хуулийн дагуу мах, сүүнээс гадна шатахууны гаалийн татварт авах арга хэмжээг тусгаж өгсөн.
Мөн Засгийн газрын хуралдаанаар АИ92 шатахууны гаалийн албан татварыг наймдугаар сарын 1-нийг хүртэл хөнгөлөхөөр шийдвэрлээд байсан бол үүнийг оны эцэс хүртэл үргэлжлүүлэхээр боллоо.
Мөн дизель түлшний онцгой албан татварыг он дуустал тэглэсэн. Мөн ОХУ-тай хийсэн хэлцэл, уулзалтын хүрээнд АИ92 шатахууныг он дуустал 2390 төгрөгөөр худалдаалахаар шийдвэрлэсэн” гэв.
Т.Мөнхжаргал