Монгол Улсад НҮБ-ийн Ерөнхий нарийн бичгийн даргын албан ёсны айлчлал үргэлжилж байна. Тэрбээр өнөөдөр буюу наймдугаар сарын 9-ны өдөр Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй хэлэлцээ байгуулж мэдээлэл хийсэн юм. Антонио Гутерреш энэ хэлэлцээний үеэр Монголчуудын сэргээгдэх эрчим хүчний нөөцөө ашиглахыг онцолсон. Тэрбээр хэлсэн үгэндээ “Монгол Улс өөрийгөө төдийгүй бусад улсыг хангахуйц сэргээгдэх эрчим хүчний их нөөцтэй тул сэргээгдэх эрчим хүчний салбарт тэргүүлэгч болох боломжтой.Монгол Улс эрчим хүчний аюулгүй байдлыг хангахын зэрэгцээ эдийн засгийн боломжуудыг бий болгож чадна гэж би үзэж байна. Мөн Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний хангамжийн сүлжээнд зэсийн нөөцөөрөө томоохон тоглогч болох боломжтой юм” хэмээсэн. Мөн өчигдөр БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И манай оронд айлчлах үеэр “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц”-ын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхээр тохиролцсон. Ингээд Монголчууд албан ёсны хоёр ч томоохон айлчлалын үеэр сэргээгдэх эрчим хүчний талаар онцолж, нааштай хариу сонсоод байна.
Манай улсад “Эгийн голын УЦС”, “Эрдэнэбүрэнгийн УЦС”, “Тайшир УЦС” гэх мэт сэргээгдэх эрчим хүчний станцууд бий. Гэвч бүтээн байгуулалтын ажил удаашралтай, гадаад, дотоодын “мафантай” байсаар 20 жилийг ардаа үдэж, эрчим хүчний хувьд хойд хөршөөс хамааралтай болоод буй. Баруун аймгуудын хувьд эрчим хүчний 90 орчим хувийг ОХУ-аас импортоор авдаг. Хэрэв усан цахилгаан станц үйл ажиллагаагаа хэвийн явуулж эхэлбэл сэргээгдэх эрчим хүчний нөөцөөр баруун бүсийг хангах бүрэн боломжтой.
Ерөнхий нарийн бичгийн даргын хэлсэнчлэн манай улсад эрчим хүчний нөөц арвин бий. Гэтэл ашиглаж, эргэлтэд оруулах тал дээр гацаастай хэвээр байсаар өнөөдрийг хүрсэн. Томоохон хэмжээний айлчлалын үеэр сэргээгдэх эрчим хүчний талаар нааштай хариу сонссон нь манай улсыг усан цахилгаан станцаа яаравчил гэсэн дохио болов уу.
Т.Мөнхжаргал
Сэтгэгдэл (3)