Өнөөдөр Олон улсын залуучуудын өдөр тохиож байна. Энэхүү өдрийг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 1999 оны шийдвэрээр, 2000 оноос эхлэн жил бүрийн 8 дугаар сарын 12-ны өдрийг "Олон улсын залуучуудын өдөр" болгон тэмдэглэж байхаар тунхагласан түүхтэй. Энэ өдөр залуучуудын дуу хоолой, үйл ажиллагаа, санаачилгыг дэмждэг. Тэднийг бүх нийтээр, тодорхой зорилготойгоор, үйл ажиллагаанд тэгш оролцох боломжийг хангахад чиглэдэг байна. Ийнхүү Залуучуудын өдрийг тохиолдуулан Монгол улсын залуучуудын гэрлэлтийн байдал, шилжих хөдөлгөөн, боловсрол, гар утас, интернэт хэрэглээний статистик мэдээллийг хүргэж байна.
Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн 3.1-д Монгол Улсын иргэн 15-34 насны хүн амыг залуучууд гэж тодорхойлсон. Олон улсын түвшинд 15-24 насны хүн амыг хэлнэ.
ЗАЛУУЧУУДЫН ТУХАЙ СОНИРХОЛТОЙ СТАТИСТИК МЭДЭЭЛЭЛ
Монгол улсад 15-24 насны 442.2 мянган залуучууд байна. Эдгээр залуучуудын
- 61.4 хувь нь хотод,
- 38.6 хувь нь хөдөөд амьдарч байна.
ГЭРЛЭЛТИЙН БАЙДАЛ: ГЭРЛЭЭГҮЙ ЗАЛУУЧУУДЫН ЭЗЛЭХ ХУВЬ ӨМНӨХ ОНУУДААС НЭМЭГДЖЭЭ
Нийгэм, эдийн засаг хөгжиж, ялангуяа хүн амын боловсролын түвшин дээшлэх тутам анхны гэрлэлтийн дундаж нас хойшилсон байна. Хүн ам орон сууцны 2020 оны тооллогын дүнгээр гэхэд 2010 оноос
- эрэгтэйчүүдийнх 2.4 жилээр,
- эмэгтэйчүүдүүд 2.5 жилээр тус тус хойшилсон байна.
Нийт гэрлэх насны 312.4 мянган залуучууд байна. Үүнээс гэрлээгүй залуучуудын эзлэх хувь өмнөх онуудаас нэмэгджээ. Тухайлбал,
- эрэгтэйчүүдийнх 92.0 хувь,
- эмэгтэйчүүдийнх 84.0 хувь болсон байна.
Огт гэрлээгүй хүн амын эзлэх хувь 15-19 насны бүлэгт, ялангуяа 19 насанд, хамгийн өндөр байна. Огт гэрлээгүй залуучуудын
- 52.1 хувь нь эрэгтэйчүүд,
- 47.9 хувь нь эмэгтэйчүүд байна.
Мөн 15-24 насны залуучуудын
- 47.0 хувь нь батлуулаагүй гэр бүлтэй буюу хамт амьдардаг хосууд,
- 53.0 хувь нь батлуулсан гэр бүл байна.
Д.Батчулуун