Манай улсад шүд, амны хөндийн эрүүл мэндэд шүд цоорох өвчлөл элбэг тохиолддог. Үүний үүсэх шалтгаан нь амны хөндийн эрүүл ахуй алдагдах, хүчиллэг хэмжээ ихсэх. Харин хүчлийн хэмжээг хэвийн байлгах, шүд цоорохоос сэргийлэх хамгийн эхний алхам нь шүдээ зөв арга техникээр тогтмол угаах явдал.
Тиймээс нийтийн дунд элбэг тохиолддог зарим нэг асуултад хариулт болгох үүднээс "Индранил дентал менежмент” ХХК -ны захирал, анагаах ухааны магистр, Нүүр амны гажиг заслын эмч Б.Жаргалмаа дараах зөвлөгөөг өглөө.
ЗӨВЛӨГӨӨ 1: Өдөрт таван удаа хоол идэхэд шүд өөрийгөө хамгаалах чадвартай. Тэрнээс их буюу хоолоо цувуулж идэх, бага багаар олон удаа идэх зэргээс шалтгаалж амны хөндийн орчин хүчиллэг болж шүд цоорох эрсдэл үүсдэг. Тиймээс ойр ойрхон хоол идсэн бол давтаж угаах, хүчиллэг чанарыг бууруулах зорилгоор ам зайлах уусмал хэрэглэх, усаар зайлах зэрэг арга хэрэглэх нь зөв.
“Эцэг эхчүүдийн нэг гаргадаг алдаа нь, хүүхдээ айлгах гэж “эмч ирж байна, шүдний эмнэлэгт аваачиж өгнө, чамайг тариулна” гэх зэргээр үймүүлэхэд нь хүртэл айлгасаар байгаад хүүхдэд эмч, эмнэлэг гэх айдсыг суулгачихдаг. Ингэж байгаад нэг л өдөр эмнэлэгт аваад ирэхээр хүүхэд айхаас өөр яах вэ. Ийм тохиолдолд эмч мянга хичээгээд хүүхэд тайвшрахгүй үе байна. Тиймээс эцэг эхчүүд хүүхдээ битгий эмчээр айлгаж байгаарай.
ЗӨВЛӨГӨӨ 2: Шүдний өвчин ихэвчлэн шөнө идэвхждэг. Энэ нь парасимпатик мэдрэлжилттэй холбоотой. Ямар нэг үрэвсэл үүслээ гэхэд шүдэнд үрэвслийн шүүдэс ялгараад дотоод даралт үүсэхээр мэдрэлийг нь дарж маш хүчтэй өвдөлт өгдөг. Ийм тохиолдолд эмнэлэгт очтол хэвтэж болохгүй, халуун гараараа хүрэхгүй байхыг эрмэлзээрэй. Температур мэдрэх төдийд амархан өвдөх тул аль болох оролдохгүй байхыг хичээгээрэй.
ЗӨВЛӨГӨӨ 3: Нүүрс ус шүдийг гэмтээдэг. Чихэр өөрөө нүүрс ус. Тиймээс нүүрс ус ихээр агуулсан чихэр, гурилан бүтээгдэхүүн идсэний дараа заавал шүдээ угааж хэвшээрэй.
Т.Мөнхжаргал