УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж шинэ бүлгийн даргаар О.Цогтгэрэлийг сонгосон талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл УИХ-ын гишүүн, Ардчилсан намын тэргүүн дэд дарга Д.Ганбат уг үйлдлийг эсэргүүцэж, хууль бус хэмээн УИХ-ын дарга Г.Занданшатарт мэдэгдэл хүргүүлжээ.
Уг мэдэгдэлд, Ардчилсан намын бүлгийн даргыг томилохдоо Улсын их хурлын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.12-ыг зөрчиж бүлгийн нийт гишүүдийг оролцуулахгүйгээр хуралдсан” талаар дурджээ.
Тэгвэл уг хуулийг 31.12-т “Бүлгийн даргыг чөлөөлөх, огцруулах, шинээр томилох асуудлыг бүлгийн нийт гишүүдийн олонхын саналаар шийдэж, шийдвэрээ Улсын Их Хурлын даргад бичгээр ирүүлнэ. Улсын Их Хурлын дарга уг шийдвэрийг нэгдсэн хуралдаанд уншиж сонсгоно” хэмээн заажээ.
Ардчилсан намын бүлгийн шинэ дарга сонгох хуралд УИХ-ын гишүүн Д.Ганбат, Д.Бат-Эрдэнэ, А.Адъяасүрэн нар оролцоогүй бөгөөд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж гадаад улсад албан томилолттой байсан талаар дээрх мэдэгдэлдээ дурдсан байна.