УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг танхимыг орхин гарлаа.
Тэрбээр энэ талаар "УИХ-ын дэгийн тухай хуульд зааснаар “УИХ өөрөө Үндсэн хуулийг илт зөрчсөн асуудал хэлэлцэж байвал УИХ-ын гишүүн хуралдаанд оролцохгүй байж болно, орхин гарч болно” гэдэг. Үүний дагуу хуралдааныг орхиж гарч ирлээ. Яагаад гэвэл Монголын төрийн хувьд маш том толбо бий болгож байна.
Цэц 2019 онд Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг хүчингүй болгочхож байгаа юм. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахын тулд УИХ-ын гишүүдийн 4/3-аас илүү нь дэмжиж байж өөрчилдөг, ийм өндөр босготой. Гэтэл дунд суудлын хурлаа хийхгүйгээр есөн хүн эцсийн шатны хурлаа хийгээд Үндсэн хуульд оруулсан өөрчлөлт чинь Үндсэн хууль зөрчсөн байна” гээд шийдчихдэг.
Үндсэн хуулийн 69.4-т Үндсэн хууль, түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлт хоёр ялгаагүй буюу Үндсэн хуулийн адил хүчинтэй гэсэн байна.
Миний харж байгаагаар сайд болох гэсэн хэдэн УИХ-ын гишүүдийн захиалгатай хийгдэж байгаа ажил.Цэц бол тоглоомын байгууллага. Үндсэн хуулийг сахин хамгаалах ёстой байгууллага маань өөрөө Үндсэн хуулийн нэг хэсгийг хүчингүй болгоод явж байна. Ард түмний төлөөлөл, УИХ-ын 4/3-аар хэлэлцээд шийддэг зүйлийг есөн хүн гарч ирээд өөрчилнө гэдэг аймшиг." гэв.
Т.Мөнхжаргал