УИХ-ын ээлжит бус чуулган үргэлжилж байна. Энэ үеэр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн шинэ даргаар УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийг томилж албажуулсан юм. Тэгвэл өнөөдөр О.Цогтгэрэлээр удирдуулсан Ардчилсан нам анхны бүлгийн хурлаа хийлээ.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл "УИХ дахь Ардчилсан намын бүлэг багагүй хугацаанд үл ойлголцолтой явлаа. Хаврын чуулганы төгсгөлд аливаа намын бүлгийн удирдлагыг хэрхэн өөрчлөх, чөлөөлөх тухай, шинээр томилох тухай зохицуулалтуудыг УИХ-ын тухай хуульд тодорхой зааж оруулснаар шинэчилсэн зохион байгуулалтаа ярих боломж бүрдлээ. Ингээд өчигдрийн УИХ-ын хурлаар Ардчилсан намын бүлэг шинэ даргаа томилж албажуулснаар өнөөдөр анхны бүлгийн хурлаа хийлээ. Дэлхий нийт амаргүй цаг үеийг даван туулж байна. Бид дотооддоо ардчилсан үндсэн хуульт байгууллагад үл ойлголцол, онолын маргаан үүссэн онцгой, эгзэгтэй цаг үе болж байна. Үндсэн хуулийг хамгаалах ёстой байгууллага нь Үндсэн хуулийг өөрийг нь шүүж, хүчингүй болгосон эрсдэлтэй, зөрчилтэй байгаа. Ардчилсан намын бүлэг УИХ-д хэт олонхын эсрэг явсаар ирсэн. Цаашдаа манай бүлгийн 11 гишүүн өнгөрсөн хугацааны алдаа дутагдлаа засаж, нээлттэй ойлголцож, ардчилал хүний эрхээ хамгаалж, хүчтэй байр суурь илэрхийлэх болно” гэв.
Т.Мөнхжаргал