УИХ-ын гишүүн С.Ганбаатар УИХ-ын чуулганы танхимыг орхиж гарлаа. Тэрбээр энэ талаар дараах тайлбарыг өглөө.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар "Ард түмний эрх ашгийг илт зөрчиж, ард түмний эрх мэдэлд халдсан асуудалд оролцохгүй гэдгээ мэдэгдэж картаа сугалж гарч ирлээ. МАН, эрх баригчид, УИХ-ын хэсэг бүлэг хүмүүс, Үндсэн хуулийн эрх мэдэл, Үндсэн хуульд ноцтойгоор халдлаа. Сайд болохын тулд юу ч хийхэд бэлэн болчихсон.
Энэ 76 гишүүн сонгогдохдоо зөвхөн төсөв, хууль, шийдвэр гаргана гэж сонгогдсон. Төсөв мөнгөө өөрөө захиран зарцуулж, мөнгөний мэдэлтэй байна гэж сонгогдоогүй. Ард түмний олгоогүй эрхийг өөртөө дур мэдэн өгч байна гэдэг нь төрийн эрх рүү халдаж байгаа хэрэг. УИХ тарахаас өөр аргагүй байдалд орсон.
Тоглоомын байгууллага болсон Үндсэн хуулийн цэц 64.1-ээр “аливаа маргааныг магадлан шийдвэрлэх” гэж зааснаар шийдвэр гаргасан. Харин 66.2-т "Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ, Ерөнхий шүүгч" гэсэн дөрвөн субъектийн хүмүүсийн гаргасан шийдвэр ард түмний төлөө байна уу, үгүй юу гэдгийг ард түмний нэрийн өмнөөс улстөрчдийг шүүх гэж Цэц бий болсон. Гэтэл Цэцийн гишүүдийг тоглоом болгож өөрсдөө сайдын суудал хийлээ. Энэ утгаараа Монголын ард түмний дээд эрх мэдэлд халдсан үйл явдал боллоо" гэв.
Т.Мөнхжаргал