Ерөнхийлөгч Шведийн үндэсний музейд зочлов

Тус музейд дэлхийн олон орны, тухайлбал Хятад, Солонгос, Зүүн ба Зүүн өмнөд Ази, Номхон далай, Америк, Африкийн ард түмний угсаатан зүй, соёлын 220 гаруй мянган үзмэр бий. Тэдгээрийн дунд Монголын XX зууны эхэн үеийн гар урлал болоод шашны эд өлгийн зүйлүүд, ховор нандин гэрэл зургууд тэргүүтэй түүх, соёлын үнэт зүйлүүд ч нэлээд байдаг аж. Эдгээрийг Свен Хедин Монголоос авчирч байсан аж. Тэрбээр 1923 онд Бээжингээс Москва хүртэл аялахдаа Улаанбаатараар дамжин явж байжээ. Түүнчлэн 1927-1935 онд Монголын түүх, соёл, говь нутаг, цаг агаар, газрын зураг болоод Шинжаныг судалсан Хятад-Шведийн экспедицийг ахалж байсан түүний хамгийн сүүлчийн бүтээл нь Төв Азийн газрын зураг юм. Тэрбээр манай улсын газрын зургийн хувилбарыг зохиож байсан бөгөөд Монголд судалгаа хийж байх үедээ бүтээсэн зарим бүтээлийн дээжээс нь музейн захирал Ерөнхийлөгчид гардуулсан юм.