БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэргэжлийн боловсролын тухай хуулийн төсөл өргөн барилаа. Тэрбээр энэ талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Мэргэжлийн болон техникийн тогтолцоог шинэчлэх ажлуудыг Засгийн газраас хийж, өнөөдөр УИХ-д өргөн барьж байна. Дээд боловсролын тогтолцоонд томоохон гажиг гарсан. Өөрөөр хэлбэл, мэргэжлийн боловсролын тогтолцоог залгисан гэж хэлж болно. Өнөөдрийн байгаа ажилгүйдлийн хэмжээ, ядуурлын тоо Ерөнхий боловсролын сургуулийн 95 хувь нь шууд дээд боловсрол руу шилждэг тогтолцоотой улс орон гэж дэлхий дээр байхгүй. Тиймээс энэ тогтолцооны гажгийг өөрчлөх зайлшгүй шаардлага байна. Мэргэжлийн болон техникийн боловсролын сургууль төгсөж буй хүүхдүүдийн нэг ажлын байранд зургаан хүүхэд оногдож байна.
Манай улсад 55 мянган инженер техникийн ажилтан хэрэгтэй байна. Яг ийм улс оронд хэрэгтэй байгаа мэргэжлээр суралцдаггүй. Элсэлтийг явуулдаггүй. Ийм хөтөлбөр байдаггүй. Үүнийг өөрчлөх шаардлага байна гэж харж байна.
Мөн энэ хуулиар санхүүжилтийг өөрчилж байна. Халамжийн тогтолцоо хэлбэртэй болсон байсан. Үүнийг хөдөлмөрийн яам, боловсролын яам хамтран системд шинэчлэл хийж байгаа. Ажил олгогчдын хүсэж буй мэргэжлийн, техникийн боловсролыг их дээд сургуулиуд олгож чадахгүй байна. Ийм учир дипломтой ажилгүйчүүдийн армийг дэмждэг сул тогтолцоо байна. Тиймээс мэргэжлийн болон техникийн боловсролын тогтолцоог дээд боловсролтойгоо уялдуулах шаардлага гарч байна. Бид үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоонд шилжсэн хуулийн төслийг өргөн барьж байна” гэв.
Д.Батчулуун