Засгийн газрын шинэ гишүүд тангараг өргөлөө. Энэ үеэр Зам тээврийн сайд С.Бямбацогт мэдээлэл өглөө.
Тэрбээр "Сүүлийн хэдэн жил дарханы зам гацаж, ажил нь удаашралттай явж байгаа. Энэ бол мэдээж хамгийн анхаарал татсан асуудал мөн. Үүнд хариуцсан яамны бодлого бий байх. Танилцаж, ямар гарц шийдэл байж болох вэ гэдэгт анхаарна. Энэ жилдээ багтаагаад нэг урсгалын замыг ажиллуулах тал дээр анхаарч ажиллана.
Шинэ сэргэлтийн бодлогын хамгийн том нь бол боомтын сэргэлт. Боомтын сэргэлтийг нэмэгдүүлэхийн тулд төмөр зам, автозам чухал нөлөөтэй. Ялангуяа боомтуудын автозам, төмөр замыг барих ажлыг маш том бодлого болгож байгаа. Эхний ээлжинд экспортын бүтээгдэхүүнүүдээ саадгүй нэвтрүүлэхэд анхаарч ажиллана.
Мөн тээвэрлэлтийн өртөг зардал, цаг хугацааг буулгах вэ гэдэг дээр анхаарч ажиллах бодолтой байна. Төр хүнд сурталгүй, нээлттэй ажиллах ёстой.
Халаа сэлгээний хувьд ажлаа хийж чадаж байгаа санаачлагатай, сэтгэлтэй хүмүүстэй хамтарч ажиллана. Цагаа бүртгүүлээд, цалингаа авдаг хариуцлаггүй хүмүүсийг хална.
Зам тээврийн салбарт миний хамаарал бүхий ямар нэг асуудал байхгүй” гэв.
Д.Батчулуун