Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхий сайдын орлогч, Гадаад хэргийн сайд Салөмсай Гуммаситтай албан ёсны хэлэлцээ хийсэн. Энэ үеэр БНАЛАУ-ын Гадаад хэргийн сайд Салөмсай Гуммасит үг хэллээ.
Тэрбээр "Монгол Улс болон БНАЛАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн хугацаанд нөхөрсөг, найрсаг хамтын ажиллагааг өрнүүлж ирсэн бөгөөд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаанд Лаос улс өндөр ач холбогдол өгдөг болохыг онцлов.
Монгол бол АСЕАН-ы түнш улс. Энэ хүрээнд Лаос АСЕАН-ы гишүүн орны хувьд Монгол Улсыг дэмжих сонирхолтой байдгаа илэрхийлье.
Манай хоёр улс далайд гарцгүй. Тиймээс цаашдаа далайд гарцгүй орнуудын эрх ашгийг хамгаалах чиглэлээр хамтран ажиллах болно" гэв.
Мөн тэрбээр дахин талархал илэрхийлээд Лаос улсын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газрыг Найрамдал одонгоор шагнасныг ГХ-ны сайд Б.Батцэцэгт гардуулан өгөв.