ОХУ-ын Владивостокт болж буй Дорнын эдийн засгийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож байгаа.
Олон зүйлээр дэнчин тавин оролцож байгаа Дорнын эдийн засгийн чуулга уулзалтаас ирсэн ГУРВАН чухал мэдээг онцолж байна.
- Нэгдүгээрт, АИ-92 автобензиний хилийн үнийг энэ оныг дуустал 830 ам долларт тогтвортой хадгалахаар болов. Энэ төрлийн автобензиний хилийн үнэ 1285 ам.долларт хүрээд байсан монголчуудын хувьд энэ маш таатай мэдээ болж байна. Владивостокийн чуулга уулзалтын үеэр албаны хүмүүс ОХУ-ын талтай яриа хэлэлцээ хийн 2027 он хүртэл АИ-92 автобензинийг тогтвортой үнээр, дизель түлшийг 10 хувийн хөнгөлөлттэй үнээр худалдан авахаар болжээ.
- Хоёрдугаарт, ТЭЦ-III –ын 300 МВт өргөтгөлийг ОХУ-тай хамтран хийхээр болжээ. Ингэвэл аюулын харанга дэлдээд буй Улаанбаатар хотын дулаан хангамжийн асуудлыг шийдэж чадна гэсэн үг юм.
- Гуравдугаарт, Эгийн голын Усан цахилгаан станц төслийн асуудлыг НҮБ-тай хамтран шийдвэрлэж, мэргэжлийн шинжээч, судлаачдын баг гарган ажиллуулж, Сэлэнгэ мөрөн, Байгаль нуурийн усны нөөцөд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэн эцэслэхээр боллоо. Энэ төслийг хэрэгжүүлж чадвал манай улсын эрчим хүчний салбар бэхэжих бөгөөд ОХУ-аас баруун аймгууд эрчим хүчээр хараат байдгийг халж чадна гэсэн үг.
Уг төслийг хэрэгжүүлэхэд ОХУ тээг тавьдаг байсан бөнөөд Байгаль нуурын усан санд нөлөөлнө хэмээдэг байсан билээ. Харин олон улсын судлаачид Эгийн голын Усан цахилгаан станц нь Байгаль нуурт нөлөөлөхгүй гэсэн дүгнэлтүүд гаргасан байдаг.
О.Балдан-Очир