Энэ баасан гараг буюу есдүгээр сарын 16-нд жил бүр зохион явуулдаг Үндэсний номын баярын өдрүүд эхэлнэ. 32 дахь удаагийн номын баярын хүрээнд УИХ-ын дарга Г.Занданшатар 100 жилийн түүхтэй Үндэсний номын сангийн үйл ажиллагаатай танилцлаа.
Монгол угсаатны оюун санааны гайхамшигт өвүүд энэ номын санд хадгалагдаж байна. Тэртээ он жилүүдийн цагийн ороо бусгаа үед бидний эцэг өвгөд хад асга, гуу жалганд нуун хадгалсан үнэт ховор ном судруудын гар бичмэлүүд сан хөмрөгийнх нь талаас илүү хувийг эзэлдэг хэмээн Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоо хэллээ. Энэд Монгол, Төвд, Манж, Солонгос, Хятад, Орос, Герман, Англи зэрэг улс орны гурван сая гаруй үнэт өв хадгалагдаж байгаа гэсэн мэдээллийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өгсөн юм. Харин их шашдирын өргөө гэгддэг Үнэт ховор номын музейн сан хөмрөгт алт, мөнгө, хүрлээр барлаж бичсэн Ганжуураас эхлээд, зүү ороож урласан гэх мэт үнэт 516 үзмэрийн эх хувь байна.
Үндэсний номын санг цахимжуулах ажил сүүлийн жилүүдэд эрчимтэй хийжээ. Хүний нөөц, боловсон хүчин учир дутагдалтай хэдий ч цахимжуулах ажлыг тасралтгүй явуулж байна гэдгээ Үндэсний номын сангийн захирал дурдлаа.
Харин Улс орны төсөв санхүүгийн нөхцөл байдлаас шалтгаалан Үндэсний номын сангийн шинэ барилгын ажлын явц удаашралтай явж байгааг УИХ-ын дарга Г.Занданшатарт дуулгалаа. Барилгын шав тавьснаас хойш ашиглалтад оролгүй 9 дэх жилтэйгээ золгожээ.
Шинэ номын өргөө ашиглалтад орчихвол хүүхэд, залуучуудад үйлчлэх, орчин үеийн, дэлхийн стандартад нийцсэн номын сан байгуулахаар төлөвлөжээ.
Одоо ашиглаж буй энэ байраа соёлын үнэт өв гэдэг утгаар нь эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэн, музей болгон ашиглах зорилготой байна гэв.