Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өглөө.
Тэрбээр“Засгийн газраас импортын зарим бараа бүтээгдэхүүний гаалийн албан татварын тогтоодог засгийн газрын тогтоолд өөрчлөлт орууллаа. Үүнд, цементийн импортын 20 хувийн албан татварыг тэглэх шийдвэр гарлаа. Цаг үетэй холбогдуулан түргэн шуурхай шийдвэрлэлээ. Ингэснээр дараагийн арга хэмжээнүүдийг авах хэрэгтэй болж байна. Энэ бол тээвэр ложистикийг асуудал. Энэ асуудал дээр түргэн шуурхай арга хэмжээ авахгүй бол хүндрэл үүснэ. Улаанбаатар-Дархан чиглэлийн зургаа дахь жилдээ үргэлжилж байгаа авто замын засварын ажлыг энэ жил гэхэд хатуу хучилттайгаар бүрэн хөдөлгөөнийг нь нээх зорилт тавиад ажиллаж байгаа.
Хэрэв цементийн нийлүүлэлт тасрахгүй бол бид аравдугаар сарын сүүлч гэхэд хөдөлгөөнийг бүрэн нээнэ. Хөдөлгөөн нээх, ашиглалтад оруулах хоёр өөр ойлголт. Дараа жил гэхэд дөрвөн эгнээ бүхий хоёр урсгалтай замыг бүрэн ашиглалтад оруулахын төлөө ажиллана.
Цементийн импортын татварыг тэглэснээр 500-600 мянган төгрөгт хүрээд байгаа үнийн өсөлт 400 мянга орчимд буух бүрэн боломжтой. Монполимет, МАК-ийн үйлдвэрүүд бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа. Гэвч дотоодын өсөн нэмэгдэж байгаа эрэлтийг хангаж дийлэхгүй байна" гэв.
Д.Батчулуун