Дарханы замын явцын талаар Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт мэдээлэл өглөө.
Тэрбээр “Сайдын ажил авснаас хойш 20 орчим хонож байна. Энэ хугацаанд Дарханы замд 20 орчим км зам хатуу хучилттай болж нэмэгдлээ. Өөрөөр хэлбэл, 204 км замаас 160 км зам нь хатуу хучилттай болж байна. Аравдугаар сарын 20-н хүртэл ачаалал ихтэй ажиллахаар төлөвлөсөн байгаа. Шороон замаар явахгүй байх боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Гүйцэтгэж буй компани ажлаа эрчимжүүлсэн байгаа.
Цементийн үнэ өсөж, нийлүүлэлт багассан талаар мэдээлэх нь зүйтэй байх. Тухайлбал, Хөтөлийн цемент шохойн үйлдвэр хэсэг зогссон. Үүнд тодорхой арга хэмжээ авч ажиллалаа. Дотоодын үндэсний үйлдвэрлэгч компаниудтай ярилцаж, томоохон бүтээн байгуулалтын ажилд дэмжлэг үзүүлээч хэмээн хүсэлт тавьсан. Хүсэлтийг нааштай хүлээн авсан.
Тиймээс Дарханы зам дээр энэ жилд тавьж буй зорилтыг биелүүлэхэд цементээр тасралтгүй хангах үүрэг хүлээсэн. Өдөрт 1000 орчим тонн цемент аваад байхад нэг урсгал, хоёр эгнээ зам ашиглалтад оруулчих боломжтой гэж үзэж байна” гэв.
Д.Батчулуун