Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэлийн асуудлаар О.Баасанхүү мэдээлэл өглөө. Тэрбээр "Ардын намынхан төсвийн мөнгөөр айл бүрийн хашааны жорлонг ухаж өгье гээд ярьж явсан. Үүний хажууд 1500 үсчин сургах тухай ярьж байгаа нь утгагүй юм. Миний санаж байгаагаар олон улсын байгууллагууд үсчин, гуталчин гээд нийтийн аж ахуй чиглэлийн сургалт ороод ажлын байраар ханган гээд явдаг боловч ямар ч үр дүн байдаггүй. Энэ талаас бодвол ардын намынхны аархаж байгаа нэг хэлбэр юм. Хөшөө барина гээд аархсан. Энэ тэндгүй музей барьчихсан. Дотор нь үзмэр байхгүй. Эдийн засгийн яам гэж байгаа бол хэрэгцээтэй зүйлд нь хэрэглээд, ажлын байрыг нэмэгдүүлэх хэрэгтэй.
Ардын нам 150 мянган ажлын байр гаргана гэсэн мөрийн хөтөлбөр дэвшүүлж байсан. Үүний 1500-г нь үсчин гаргаж байгаа юм байна гэж харлаа.
Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэлийн ярьсныг сонссон. Яам дотроо тэгж л ярьдаг юм байна. Өөрөө бол юу гэж хэлэхээ мэдэхгүй байх шиг байна лээ. Найзыгаа ядуу гэж хэлэхээс ичээд байна зэрэг тавласан маягтай ярьж байсан.
Иргэд ХНХ-ын сайд Д.Сарангэрэлийг огцруулъя хэмээн жагсаад нэмэргүй. Түүнийг огцрохыг зөвхөн Ерөнхий сайд л шийднэ. Үүнийг хуульд Ерөнхий сайд шийдэхээр заачихсан” гэв.
Д.Батчулуун