Уншигч та бүхэнд энэ долоо хоногт болж өнгөрсөн томоохон мэдээллүүдийг түүвэрлэн хүргэж байна. Энэ долоо хоногт "улны айл" гэх нэршлийг бий болгосон Д.Сарангэрэл сайдын суудлаас огцров. Үүний зэрэгцээ Ардчилсан намынхан Брюссельд уулзав. Мөн долоо хоногийн сүүлд ОХУ-ын иргэд Монгол Улсад оршин суух хүсэлт гаргавал оршин сууж, хөдөлмөр эрхлэх боломжтой хэмээн албаны хүмүүс мэдээллэв.
ОХУ-ын иргэд манай улсад визгүй зорчиж,оршин сууж, хөдөлмөр эрхлэнэ
ОХУ-ын Ерөнхийлөгч Путин хэсэгчилсэн цэргийн дайчилгаа явуулна хэмээн мэдэгдснээс хойш тус улсаас гарах иргэдийн тоо огцом нэмэгдэж, визгүй зорчдог хөрш зэргэлдээ Монгол, Казахстан, Гүрж зэрэг улсууд руу маш ихээр гарах болжээ. Тэгвэл энэ сарын 15-25-ны хооронд Хиагт-Алтанбулаг боомтоор ОХУ-ын 5001 иргэн манай улсад нэвтэрсэн гэж Хил хамгаалах ерөнхий газраас мэдээллээ. Мөн ОХУ-ны иргэд оршин суух хүсэлтийн баримт бичгийг бүрдүүлэн өгсөн тохиолдолд оршин суух, хөдөлмөр эрхлэх, суралцах зэрэг 56 хэлбэрээр оршин суух нөхцөл боломжтой гэв.
Брюссель дэх уулзалт
Ардчилсан Нам Монголоо үүрээд явах чадалтай гэдэгт эргэлзэх хүн гарсангүй. Өнөөдөр ч орон нутагт ачааны тэнгийн хүндийг үүрч байгааг бие биедээ санууллаа. АН-ын хагарал гэх зүйл толгойдоо, хуучин голлох хэдэн хүний хооронд, удирдах түвшинд л байгааг нүүр нүүрээ харж байгаад хэллээ. Бидний нөхөд ч үлгэр үзүүлж намаа эвлэтэл, нөхдөө ойлголцтол, хазайсан тугаа эгцэртэл зүтгэхэд сэтгэл бүрэн шулуудлаа хэмээн Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж нийтэлжээ.
Тамаваши Б.Мөнх-Оргил сүмо бөхийн дээд зиндаанд хоёр дахь түрүүгээ хүртэв
Японы Сүмо бөхийн есдүгээр сарын тэмцээн буюу Аки башё өчигдөр болж өндөрлөлөө. Энэ сарын башёд Монгол Улсын бөх Тамаваши Б.Мөнх-Оргил түрүүлж, Японы эзэн хааны цомыг хүртлээ. Энэ нь түүний хоёр дахь түрүү бөгөөд 37 настайдаа Аки башё түрүүллээ. Тэрбээр анхны түрүүгээ 2019 онд хүртэж байсан юм.
Ерөнхий сайдын захирамж: Д.Сарангэрэлийг огцруулав
Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл нь Үндсэн хуулийг зөрчиж, иргэний яс үндэс, нийгмийн гарал үүслээр нь ялгаварлах байдлаар мэдээлэл хийсэн.
Иймээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бүрэн эрхийнхээ хүрээнд ХНХ-ын сайд Д.Сарангэрэлийг сайдаас нь огцрууллаа.
Дорноговь аймагт вагоны осол гарав
Дорноговь аймгийн Улаанбадрах суманд галт тэрэгний осол боллоо. Зүүнбаян өртөөнөөс Ханги-Мандал чиглэлд барьж буй төмөр зам руу ачаа хүргэхээр явж байсан "Монголиан транс ложистик" компанийн вагон замаас гарч унасан. Урьдчилсан байдлаар хурд хэтрүүлж замаас гарсан. Галт тэргийн жолооч согтуу байсан гэсэн мэдээлэл ирж байна. Энэ талаар Цагдаагийн байгууллага болон холбогдох байгууллага шалгаж байна хэмээн Зам тээвэр хөгжлийн сайд мэдээллэв.
"Өргөө цэцэрлэг" ашиглалтад оржээ
Орчин үеийн шийдэл бүхий дотроо ариун цэврийн байгууламжтай, шалны халаалт бүхий гэр хэлбэртэй энэ цэцэрлэгийг 40 хоногийн хугацаанд барьсан байна. 4 бүлэг бүхий 120-140 хүүхдийн хүчин чадалтай. Өргөө цэцэрлэгийн эхнийх Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороонд 271 дүгээр цэцэрлэгийн салбар бүлэг хэлбэрээр хичээллэж байна.