Намрын чуулган нээлтээ хийж байна. Чуулганд 65 гишүүн оролцож буй бөгөөд 85,5 хувийн ирцтэйгээр Намрын ээлжит чуулган эхэллээ. Чуулганыг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ.
Үргэлжлүүлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг төрийн эрх барих дээд байгууллага-Монгол Улсын Их Хурал хэрэгжүүлж, чуулганы нэгдсэн хуралдааны “Их Хуралдай” танхимд Эзэн Богд Чингис хааны эш хөргийг хүндэтгэн заллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Эзэн Богд Чингис хааны эш хөргийг хүндэтгэн залах тухай зарлигийг 2022 оны долоодугаар сарын 11-ний өдөр гаргасан.
Эзэн Богд Чингис хааны эш хөргийг залах ёслол УИХ-ын 2022 оны намрын ээлжит чуулганы нээлтийн үеэр болж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ нар болон УИХ-ын гишүүд эш хөрөгт хүндэтгэл үзүүлэв.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 159 дүгээр зарлигийн Нэгдүгээр зүйлд “Эзэн Богд Чингис хааны эш хөргийг монгол төр эрхэмлэн дээдэлж, Төрийн ордонд залсугай” хэмээн заасан.