УИХ-ын намрын чуулганы хуралдаан болж байна. Энэ үеэр Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүд асуулт авч, хариуллаа.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Сүүлийн үед вальютын гадаад урсгал асар их нэмэгдэж байна. Сангийн сайд Б.Жавхлан дэд ерөнхийлөгч байхдаа төгрөг рублийн своп хэлэлцээрийг бараг хийгээд дууссан. Гарын үсэг зурахад бэлэн болчихсон байсан. Үүнийг геополитикийн нөхцөл байдалтай холбогдуулаад яаралтай гарын үсэг зураад ашиглалтад оруулах хэрэгтэй. Банкууд рублиэ яахаа мэдэхгүй байна. ОХУ-тай худалдаа хийдэг БНХАУ, ХБНГУ, БНЭУ зэрэг олон орнууд рублиэр худалдаа хийж байна. Тэнд байгаа рублийг хямд өртөгөөр авч своп хэлэлцээр хийчихвэл нэг тэрбум ам.доллар шатахууны төлбөрт гарч байгаа, Оросыг SWIFT сүлжээнээс шахах бодлого явж байх хооронд нь төгрөг, рублийн своп хэлэлцээр хийх боломжтой" хэмээн асуулт тавьлаа. Харин Монголбанкны зүгээс ингэж хариуллаа.
Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Монгол Улс ОХУ-тай хийдэг гадаад худалдаа Монгол талдаа ямар ч ашиггүй. Хоёр тэрбум ам.долларын бараа ОХУ-аас худалдаж авдаг хэр нь манай экспорт 100 сая ам.доллароор хэмжигддэг.
Бидний хувьд рублиэр Оросруу бараагаа зарж чадахгүй учраас рублийн орлого байхгүй, төлбөр тооцоо хийх боломжгүй. Олон улсад SWIFT сүлжээгээр төлбөр тооцоо хийдэг. Тэнд голцуу доллар, еврогоор төлбөр хийдэг учраас Монголд орж ирсэн рублийг банкны сүлжээгээр явуулах боломжгүй, бэлнээр энд үлддэг. Мөн ОХУ-ын банк энд байхгүй учраас мөнгийг нь бараа шиг зөөж гаргаж, дансаа зузаатгах боломжтой.
Мөн ОХУ-Украйны нөхцөл байдалтай холбоотойгоор олон улс ОХУ-д хориг арга хэмжээ авч байна. Хэрэв Монгол Улс рублиэр төлбөр тооцоо хийж байна гэвэл эргээд тэр хориг, саадад давхар хамрагдах эрсдэл байгаа. Тиймээс рублиэр своп хийхгүй, хийх нөхцөл байхгүй" гэв.
М.Сүхэхэй