УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн "ТӨСӨВ-2023"-ын талаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Аравдугаар сарын 19-нд “Төсөв 2023” нэртэй олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулна. УИХ анх удаа олон нийтийн хяналттай хэлэлцүүлгийг төсвийн асуудлаар хийх гэж байна.
Төсөв бол нэг талдаа татвар төлөгчдийн мөнгө. Тиймээс төсвийг хэрхэн оновчтой, зөв зарцуулж байгаа талаар хамгийн том хяналт тавих хүмүүс бол ард түмэн байдаг. Олон нийтийн хяналт сул байгаа учир үүнийг зайлшгүй засаж залруулах шаардлагатай. Цаашид төсвийн хоёрдугаар хэлэлцүүлэг буюу эцэслэн батлагдахаас өмнө олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг хийдэг байх жишгийг тогтооё. УИХ-ын Төсвийн байнгын хорооноос анх удаа энэ хэлэлцүүлгийг зохион байгуулахаар болж байна.
Иргэн бүр төсөвтэй холбоотой санал хүсэлтээ ирүүлэх боломжтой. Жил бүр үр ашиггүй зардал, урсгал зардал, үр ашиггүй хөрөнгө оруулалт байна гэх асуудал, шүүмжүүд улсын төсөвт тулгардаг.
Тиймээс энэ бүхэнд хамт, олон нийтээрээ оролцож, хянаж зөвшилцсөнөөр гарц шийдлээ хамтдаа илэрхийлэх боломж юм. Төсвийн ил тод байдал, дорвитой хууль эрх зүйн орчин, шинэчлэлийг хийх шаардлагатай гэж харж байна.
Зөвхөн УИХ, Засгийн газраас өргөн барьсан төсвийг хэлэлцээд баталдаг биш, анхнаасаа боловсруулалтын түвшинд иргэд хяналт тавьдаг, хэлэлцдэг энэ улс төрийн соёлыг нутагшуулах үндсэн дээр анх удаа зохион байгуулж байна.
Өнөөдрөөс эхлээд буюу аравдугаар сарын 7-17-ны өдрүүдэд бүхий л хэлбэрээр иргэдээс санал авна. Жишээлбэл, цахим орчинд #Төсөв2023 хаштаг ашиглан фейсбүүкээр, D-Parliament цахим хаягаар болон аппликейшнээр, болон имейлээр саналаа өгөх боломжтой. Мөн дээрх хугацаанд 51262727 утас нээлттэй ажиллана. Тиймээс иргэд төсвийн тухай хуулийн төслийн зүйл, заалт бүрээр саналаа өгөх боломж нээлттэй" гэв.
Т.Мөнхжаргал