Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлого-д транзит болон эцсийн чиглэлтэй агаарын тээврийн зорчигч урсгалыг нэмэгдүүлэх зорилт тусгагдсан. Мөн боомтын сэргэлт-ийн хүрээнд бүс нутгийн карго тээврийн зангилаа үүсгэх, цаашид ачаа тээврийн стратегийн гарц бүрдүүлэхээр заасан. Түүнчлэн ирэх оныг Засгийн газраас “Монголд зочлох жил” болгон зарлаад байгаа. Үүнтэй холбоотойгоор Зам тээврийн хөгжлийн сайдын хувьд агаарын тээврийн салбарт хамгийн олон чиглэлд, хамгийн хямд тийзээр, хамгийн аюулгүй, ая тухтай нисдэг байх бодлого баримталж байна.
Тэгвэл өчигдөр болсон Засгийн газрын хуралдаанаар агаарын тээвэрлэгчдийн үйл ажиллагааг тогтворжуулахад шаардлагтай бага хүүтэй, хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг шийдвэрлэсэн.
Агаарын тээвэрлэгчдийн үйл ажиллагааг тогтворжуулах 145.0 тэрбум төгрөгийг 2 жилийн хугацаатай, 7%-ийн хүүгийн дэмжлэгтэй олгоход Засгийн газраас 11.0 тэрбум орчим төгрөгийн зээлийн хүүг хариуцаж, зээлийн хүүгийн дарамтыг бууруулж байна.