УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж үг хэллээ.
Тэрбээр "Энэ жил зуншлага маш муу байсан. Зургаан сарын үед бороо ороод, гайгүй ногоо ургасан. Эхэндээ мал тарга тэвээрэг авсан боловч сүүлдээ муу байна. Энэ жил өвөлжилт хүндрэх юм байна. Малчдын өвөлжилтийн талаар яриа гаргасан боловч ажил хийхгүй байна.
Тиймээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд өвс тэжээлийг гааль болон нөатын албан татвараас чөлөөлөх албан бичгийг өгсөн байна. Ингэснээр нэг шуудай хорголжин тэжээл ойролцоогоор 9 мянган орчим төгрөгөөр хямдарна.
Хүнс хөдөө, аж ахуй яамнаас асуухад манай улсад хангалтай хивэг тэжээл байгаа гэдэг. Баруун аймаг руу очихдоо маш үнэтэй очдог. Төвийн бүсээрээ л борлогдоод дуусдаг. Баруун аймгаар очиж байгаа тэжээлийн татварыг тэглэх шаардлагатай байна. Мянган малтай өрх малынхаа 400 орчмыг борлуулах сонирхолтой байна.
Квот нэрийн дор бог тутмаас 20 мянга, бод тутмаас 200 мянган төгрөг хулгайлж байна.
Энэ зүйлээс болж хоёр жилийн дотор махны экспорт хамгийн доод түвшинд очлоо. Экспортын үйл ажиллагааг сайжруулах, шинэ түвшинд аваачих шаардлага гарч байна. Үүний үр дүнд малчдын орлого сайжирна. Амьдрал мэдэхгүй хүмүүс их байна” гэв.
Д.Батчулуун