УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар М.Оюунчимэгээс Ерөнхий сайдад хандаж “Эмийн үйлдвэрлэл, чанар, хяналт, хүртээмжийн зэрэг асуудал болон энэ талаарх цаашдын бодлого, зорилтын талаар”, УИХ-ын гишүүн Ц.Туваанаас Эрүүл мэндийн сайдад хандаж “Эм үйлдвэрлэл, эмийн үнийн талаар” тус тус тавьсан асуулгын хариуг сонсож байна. Энэ үеэр УИХ-ын гишүүг, Эрүүл мэндийн сайд С.Энхболд гишүүдийн асуултад хариулт өглөө.
Тэрбээр "Сүүлийн 30 жилийн хугацаанд төр, хувийн хэвшил хамтран эмийн асуудлыг авч яваа. Нэг ч улсын үйлдвэр байхгүй. 400 гаруй ханган нийлүүлэгчид эмийг гадаадаас оруулж ирж төртэй хамтарч ажиллаж байна. Ялангуяа антибиотикийн хэрэглээг зөв зохистой хэрэглэх асуудлаар бид үе шаттай ажиллаж байгаа. Эмчийн жороор олгодог болгосон.
Эмийн чанар нь эрүүл мэндийн зохистой үйлчилгээний 50, 60 хувийг хангадаг. Тийм ч учраас бид эмийг шинжилдэг лабораторийг байгуулахаар ажиллаж байна.
Өвчнөөс урьдчилан сэргийлэх хүрээнд хавдрын эрт илрүүлэг хийх, нийтийн эрүүл мэндийн боловсрол олгох чиглэлд ажиллаж байгаа" гэв.
Д.Батчулуун