УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Нүүрсний цэгээс Ганцмодны боомт хүртэл 29 км газарт 120 сая төгрөгөөр нүүрсний тээвэр хийж байсан. Өөрөөр хэлбэл, Эрдэнэс-Тавантолгойд очих ашгаас хулгайлж байна гэсэн үг. Бид нарын 1072 ширхэг хувьцаанаас хулгайлж байгаа юм. Тээврийн зардлаа Хятадын тал руу шилжүүлж байгаад тэндээ хувааж аваад, наашаа цаашаа шилжүүлцгээдэг. Энд Монголын олон дарга нар оролцдог.
Нэг шүгэл үлээгч гарч ирээд асуудал тавилаа гэхэд АТГ хэргийг нь дарчихвал яах вэ. Шүгэл үлээгч нь нэр хаягаа бүгдийг нь тавчихаар тэрний дагуу дарамт үүсвэл яах юм. Гэрч хохирогч, шүгэл үлээгчийг хамгаалахын тулд Тахарын албыг байгуулж байсан.
Гэтэл гэрч хохирогчоо хамгаалах талаар ямар ч зүйл байхгүйгээр энэ хуулийг оруулж ирсэн байна. Тиймээс хэлэлцүүлгийн явцад шүгэл үлээгчийн мэдээллийг хэр хугацаанд ямар процессоор шийдэхийг тусгах ёстой" гэв.
Д.Батчулуун