Манай улсад гадаадын хөрөнгө оруулалттай 20 мянга орчим аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг. Харамсалтай нь, гадаадын хөрөнгө оруулагчид янз бүрийн дарамтад өртөх нь элбэг. Энэ асуудалтай холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар гадаадын хөрөнгө оруулагчдын төлөөлөлтэй уулзаж санал солилцжээ.
Гадаадын хөрөнгө оруулагчдыг залилсан, дээрэмдсэн хэргүүдийг хурдан шуурхай шийддэг, хохирлыг нь барагдуулж, хариуцлага ял шийтгэлийг шударагаар оногдуулдаг байх хууль эрх зүйн орчныг шинэчлэхээр Хууль зүйн яам ажиллаж байгаа юм байна.
Тэгвэл энэ ажлын хүрээнд өнөөдрөөс эхлэн гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд хохирсон талаарх мэдээллийг Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын 77877768 дугаарын утсанд хүлээн авч байхаар болжээ.