БНСУ-ын нийслэл Сөүл хотын Итэвонд Сүнсний баяр тэмдэглэхээр ирсэн хүмүүс хэт нягтрал үүсгэснээс дарагдаж нас барсан хэрэг өчигдөр 22 цагийн үед гарсан. Хамгийн сүүлийн мэдээллээр 151 хүн нас барж, 82 хүн бэртсэн байна. Амиа алдагсдын 19 нь гадаадын иргэн байжээ.
Уг эмгэнэлт үйл явдалтай холбогдуулан Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар эмгэнэл илэрхийллээ. Тэрбээр "Монгол улсынхаа нэрийн өмнөөс болон хувиасаа БНСУ-ын ард түмэнд, нас барсан хүмүүсийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлж байна. Энэ үед гэмтэж эмнэлэгт хүргэгдсэн олон хүмүүсийг хурдан эдгэрэхийг хүсэж байна. Энэхүү эмгэнэлт цаг үед Монгол улс БНСУ-тай хамт байх болно" гэжээ.