Улаанбаатар хотын төвд байсан В.И.Лениний хөшөөг буулгасан нь зарим иргэдийн бухимдлыг төрүүлэхийн сацуу заримаас нь магтаалын үг сонсож байна. Нэгэн цагт монголчуудын "ертөнцийг харах цонх" болж байсан хүний хөшөөг ийнхүү буулгах нь буруу гэж үзэгсэд олон байгаа. Гэхдээ үүнээс илүүтэйгээр нэгэнт байрнаасаа хөөгдсөн Лениний хөшөөний оронд чухам юу хийх вэ гэдэг сонирхол татаж байгаа юм. Харин энэ бяцхан "нууц"-ыг өчигдөр Х.Баттулга сайд задаллаа. Монголын хамгийн идэвхитэй "жиргээчин" гэгддэг тэрбээр өөрийн твиттер хуудасдаа Лениний орыг залгах хөшөөний зургийг тавьжээ. Энэ бол 1990 оны ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг "Хонх" хамтлагийн дуучин С.Цогтсайханы хөшөө.


Сонирхолтой нь гитар барьсан С.Цогтсайхан агсны цаана Монгол улсын газрын зураг байх бөгөөд доторх хүрээнд нь морь дүрсэлжээ. Ардчиллын гэсэн тодотголтой явдаг хэсэг нөхдүүд "цагаан морин жил" /1990 он/-ийг ийнхүү бэлгэдсэн бололтой.
Нэгэнтээ нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл “Энх цагт шуурган дунд хамт явсан нөхрөө санан дурсах нь бидний үүрэг" гэж хэлж байсан юм. Тэрбээр нөхрийн үүргээ биелүүлж С.Цогтсайханы дурсгалыг ийнхүү хотын төвд байрлуулахаар шийдэж, аль хэдийн хөшөөний загварыг гаргажээ. Нэгэнт Лениний хөшөө "хөөгдсөн" тул Улаанбаатар зочид буудлын өмнө дуучин С.Цогтсайханы хөшөө удахгүй сүндэрлэх нь. Өмнө нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ардчилсан үндсэн хууль батлалцсан АИХ-ын депутатуудад байр өгөхөд өөрийн байрыг С.Цогтсайханы гэргий Н.Наташад гардуулж байсан билээ. Мөн С.Цогтсайханы “Хонхны дуу”-гаар УИХ-ын гишүүн Э.Бат-үүл, нийтлэлч Б.Баабар нар мюзикл бичихээр болсон ч одоохондоо сураггүй л байна. Ямартаа ч Э.Бат-Үүл тэргүүтэй ардчилсан хувьсгалд оролцсон хүмүүс С.Зоригийн хөшөөг эргэхдээ нэг уулздаг шиг дуучин С.Цогтсайханы хөшөөг эргэхээр дахин цугладаг болох нь ээ.
24tsag.mn
Сэтгэгдэл (64)