
Анх 1992 оны сонгуулиар МАХН-ын дөрвөн гишүүн гарч байсан бол дараагийн сонгуулиар нь “Ардчилсан холбоо” эвслээс Х.Дашзэвэг, Р.Бадамдамдин, МАХН-аас Д.Лүндээжанцан, Ш.Батбаяр нарт саналаа өгч улаан өнгө цэнхэртэй хослох болсон байдаг. Гэхдээ Өвөрхангайд цөөн хэдэн хүн олон жил дараалан гишүүн болдог нь сонин. Д.Лүндээжанцан, З.Энхболд, Г.Батхүү гээд олон дахин сонгогдсон “дархлаажсан” хүмүүс бий. Харин энэ жил Д.Лүндээжанцан намын квотоор гишүүн болж, З.Энхболд УИХ-ын даргад дэвшиж, Г.Батхүү тангараг өргөж чадахгүй таван сар гацаанд байлаа. Түүх сөхвөл 2004 онд яг л эсрэгээрээ үйл явдал болж байв. Энэ тойрогт З.Энхболд, Г.Батхүү нар нэр дэвшсэн ч З.Энхболд УИХ-ын гишүүний тангарагаа өргөж чадахгүй бараг л 2 жил болсон байдаг. Уг нь “Ардчилсан холбоо” эвслээс нэр дэвшсэн З.Энхболд ялсан боловч нэр дэвшигч Д.Сугар /ТӨХ-ны дарга асан/, Сонгуулийн ерөнхий хороо түүнийг УИХ-ын гишүүн болохыг нь хүлээн зөвшөөрөхгүй байв. Энэ маргаан дээд цэгтээ тулж, шүүхдэлцсэний эцэст З.Энхболд гишүүн болсон юм. Сонирхолтой нь тухайн үед Д.Сугар УИХ-ын гишүүн байгаад сонгуулийн дараа Төрийн өмчийн хорооны дарга болсон бол З.Энхболд Төрийн өмчийн хорооны дарга байгаад сонгуулийн дараа УИХ-ын гишүүн болж байраа сольсон байдаг. Харин өнөөдөр Өвөрхангайн “дархлагдсан” эрхмүүдийн нэг Г.Батхүүг гишүүн болгохыг эсэргүүцсэн хөдөлгөөн өрнөж байна.

Т.Гэрэл /24tsag.mn/
Сэтгэгдэл (52)