Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Жорж Чен гэдэг нөхрийг ажлаас нь халж өгөөч гэдэг албан бичгийг Фэйсбүүк компани руу ирэх Даваа гарагт явуулна. Бид уулзсан, уулзахдаа хуулийн орчуулгаа хүртэл өгсөн. Хамтарч ажиллая гээд арваннэгдүгээр сард хуулийн болон техникийн ажлын хэсгээ ирүүлнэ гэсэн.
Гэнэт "It is not true" гээд хамгийн худалч хүн гэж намайг хэлж байх шиг байна лээ.
Бидний ярилцсан протокол хоёр цаг 30 минутын аудио бичлэг байгаа. Мань нөхөр айхавтар зүйлс их ярьсан. Туурга тусгаар улсын төрийн яамыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гарч ирээд илтэд гүтгэж дайрах нь байж болохгүй зүйл. Мета компани улс орны дотоод хэрэгт оролцох ёсгүй. Манай улсын төрийн зарим албан хаагч руу дарамталсан мэйл явуулсан, манай улсыг хоригт оруулна гэсэн.
АНУ-ын зүгээс шахалт, дарамт үзүүлнэ гэдэг мэйл явуулсан. Иймд Мета компани руу Жорж Чен гэдэг хүнийг ажлаас нь хал, хоёрдугаарт надаас уучлалт гуй гэдэг бичгийг явуулна.
Надтай уулзсан ярианых нь бичлэгийг хавсаргана. Хэрэв уучлалт гуйхгүй бол би шүүхэд хандана" гэв.
Д.Батчулуун