Хөгжлийн банктай холбоотой Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсгол үргэлжилж байна.
Өнөөдрийн сонсголоор Улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр санхүүжүүлсэн төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн талаар хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр гэрч Эдийн засгийн хөгжлийн яамны сайд асан Н.Батбаяраас асуулт асууж, хариулт авлаа.
Б.Энхбаяр: Чингис бондын 1.5 тэрбум хүртэлх ам.долларыг юунд зарцуулсан бэ? Хөгжлийн төсөл байсан юм уу? Гэнэт бэлэн мөнгөтэй болоод юунд зарцуулах вэ гэдгээ мэдээгүй юм биш үү?
Н.Батбаяр: 2012 оны арванхоёрдугаар сарын 6-ны өглөө Монголбанк дахь Сангийн яамны дансанд 1,5 тэрбум долларын хөрөнгө орж ирснээр Хөгжлийн банкны түүх эхэлсэн. Миний бие Эдийн засгийн хөгжлийн сайдаар хоёр жил ажилласан. Ажиллах хугацаандаа 1,5 тэрбум ам.долларын Чингис бонд, дараа нь 300 сая долларын Самурай бонд, Хятадаас болон Орсоос, Европын орнуудаас нийт 2,5 тэрбум долларын хөрөнгийг оруулж ирсэн.
Сайдаар ажиллахдаа гадны зах зээлээс өртөг хямдхан хөрөнгийг оруулж ирсэн болохоос биш авч гараагүй. Захиран зарцуулах эрх эдлээгүй.
Чингис бондын мөнгө ,бусад бондын мөнгө орж ирээгүй байсан бол 2013 онд манай улс маш хүнд байдалд орох байсан. Дэлхийн зах зээл дээр манай улсын эрдэс баялгийн үнэ асар их хэмжээгээр унасан. Тэр хямралаас гарахын тулд эдгээр хөрөнгийг босгосон. Энэ хөрөнгө зорилгоо биелүүлж, Монгол Улсыг огцом уналтаас аварч чадсан. Чингис бондын мөнгөөр 371 арга хэмжээ хийгджээ. Анх босохдоо хоёр аргаар орж ирсэн. Энэ хооронд олон бонд боссон. Гэсэн ч Чингис бонд шиг дөрвөн хувийн хүүтэй зээл босоогүй. Хамгийн хямдаар боссон мөнгө. Чингис бондын хөрөнгөөр Чингис хаан нэртэй онгоцыг худалдаж авсан. Монгол Улс өөрийн онцгоцтой болсон" гэв.
Д.Батчулуун