Хөгжлийн банктай холбоотой Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсгол үргэлжилж буй. Өнөөдрийн сонсголд Ерөнхийлөгч асан Х.Баттулга гэрчээр оролцож байгаа бөгөөд Сайншанд аж үйлдвэрийн цогцолбортой холбоотой асуудлыг хэлэлцэж байна.
Энэ үеэр Ерөнхийлөгч асан Х.Баттулга "Монгол орныг аж үйлдвэржүүлэх, ноос ноолуураа боловсруулах, газрын баялгаа боловсруулахыг жадлан эсэргүүцдэг хүн бол Ч.Хүрэлбаатар. Ердөө тав аравхан хүн байдаг" гэсэн юм.
Тэгвэл үүний хариуд Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар өөрийн твиттер хуудсандаа ийнхүү жиргэжээ. Тэрбээр "Энэ нөхөр Ерөнхийлөгч байсан санагдах юм, юугаа хийж байсан юм бол оо. Дарханы арьс ширний цогцолбор нь бас л хулгай нүүрлээд зогсчихсон уу? Салхитын мөнгийг боловсруулаад мөнгөн аяга хийнэ, Монголын өрийг дарна гээд байсан бас л хулгайлчихсан уу. Дахиад л Хүрлээ..." гэжээ.