Засгийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг таницуулж байна. Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Монгол Улс далд эдийн засгийг бий болгох, олборлох салбарын хил үнийг тогтоох системийг бий болгож чадсанаар ДНБ-ыг 55 орчим их наядад хүргэх нөөц бий гэсэн тооцоо судалгаа гарсан. Авлигатай дэмжих жилийн хүрээнд дэвшүүлсэн зорилтууд үр дүнд хүрсэн тохиолдолд ДНБ-ий нэг хүнд ноогдох орлого 5000 ам.доллараас дээш гарах боломжтой хэмээн харсан. Авлигатай тэмцэж үр дүнд хүрсэн орнуудад гурван үндсэн хүсэл, эрмэлзэл давхцаж тохиож байж амжилтад хүрсэн гэдгийг улс орнууд нотолдог. Авлигатай тэмцэх хүсэл эрмэлзэл, ард иргэдийн авлигатай тэмцэх тэмцлийг дэмжих дэмжлэг, чадварлаг хууль зүйн тогтолцоо зэрэг нь үр дүнд хүргэдэг.
Авлигатай тэмцэх жилийн хүрээнд таван "Ш" үйл ажиллагааг Засгийн газрын гишүүд, холбогдох хүмүүст өглөө.
- Шүгэл үлээх үйл ажиллагааг эрчимжүүлэх
- Шүүр ажиллагаа. Улс төрд нийтийн албанд ажиллаж байгаа, орлогоосоо давсан хэрэглээтэй нийтийн албан тушаалтныг шүүрдэн чөлөөлөх ажлыг зохион байгуулах
- Шувуу ажиллагаа. Гадаад улс орнуудад байгаа, эрүүгийн хэрэгт эрэн сурвалжлагдаж байгаа төрийн албан тушаалтнаар ажиллаж байсан этгээдүүдийг Олон улсын цагдаагийн байгууллагуудтай хамтран эх нутагт нь авчрах
- Шилжүүлэн авах ажиллагаа. Гадаад бүсэд нуун дарагдуулсан, авлига албан тушаалын замаар олсон хууль бус хөрөнгө, орлогыг илрүүлэн буцаан авчрах
- Шилэн байх ажиллагаа. 2023 оны эхний хагаст Төрийн болон орон нутгийн өмчит бүх комданиудын удирдлагыг шилэн болгох ажлуудыг даалгалаа" гэв.
Д.Батчулуун