Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун мэдээлэл өглөө.
Тэрбээр "Засгийн газрын хуралдааны шийдвэрээр Хөдөө аж ахуй, хүнсний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд хөнгөлөлттэй зээл олгохоор боллоо. Мөн хаврын тариалалтын хүрээнд ногооны үнийг хөнгөлөх шийдвэр гаргалаа. Ногооны үнийг сүүлийн хоёр жил хөнгөлсөн. Энэ жилийн ургац хураалтаар 73 хувийг дотоодын тариалалтаар хангасан байгаа. Тариаланчдаа дэмжиж, хөнгөлөөд байвал урамшиж, тэд маань улам бүтээмжтэй ажиллана. Энэ эрчээр явбал хоёр жилийн дотор хүнсний ногоогоо 100 хувь дотоодоос хангах боломж бүрдэнэ.
Мөн манай улс шиг үхэр сүргээ ээмэгжүүлээгүй орон маш ховор юм байна. Энэ хавар гэхэд 5.5 сая үхрээ ээмэгжүүлнэ. Ингэснээр цахим бүртгэлд орно.
Улсын аварга малчин, тариаланч хамт олныг тодруулахаар боллоо. Энэ жил аварга малчин 140, тариаланч 12 гарч байна.
Хөдөө аж ахуйн салбар хэдийгээр татвар төлөлт, экспортоор уул уурхайтай дүйцэхгүй ч нийгмийг авч явдаг онцлогтой. Ялангуяа мал аж ахуйн салбар олон жил эдийн засгийн үндэс суурь болж ирсэн. Бид аварга малчин, тариаланчдаа тодруулж ирсэн уламжлалтай. Малчдыг зөвхөн эдийн засгийн утгаар харах нь утгагүй. Хөдөө аж ахуй, хүнсний салбарт олгохтой адил 13 хувийн хүүгийн татаасыг Засгийн газар олгохоор болсон" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)