ЦЕГ- аас Ховд аймагт болсон 15 настай охины хэргийн талаар мэдээлэл өглөө.
Мэдээлэлдээ "Ховд аймгийн Жаргалант сумын эмчилгээний төвд толгой дээрээ оёдол тавиулсан 15 настай эмэгтэй нас барсан хэрэг нэгдүгээр сарын 29-ны өдөр бүртгэгдсэн. Цагдаагийн байгууллага Ховд аймгийн цагдаагийн ерөнхий газартай хамтран уг хэргийн мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулсны үр дүнд хэргийг богино хугацаанд илрүүлэн шалгалтын ажиллагааг явуулж байна. Мөрдөн шалгах ажиллагаагаар амь хохирогч нь 2023 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр толгойн тус газраа бусдад цохиулж гэмтэн, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нэгдүгээр сарын 28-ны өдөр нас барсан. Уг хэргийг хохирогчийн гэр бүлийн хамаатан бүхий Ж гэгч нь үйлдсэн болохыг тогтоолоо. Иймд яллагдагчаар татан 48 цаг баривчилсан.
Хохирогчийг сургуулийнх нь дөрвөн хүүхэд турбогоор цохиж хөнөөсөн гэх мэдээлэл нь худал мэдээлэл юм. Харин яллагдагч Ж нь үйлдсэн гэмт хэргээ нуун дарагдуулах зорилгоор үгсэн тохиролцож, худал мэдээллийг өгч мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулсан байна" гэв.
Д.Батчулуун