Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар 2017 онд батлагдсан Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн төслийг санаачлагчдын нэг бөгөөд анхдугаар Зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулахад оролцсон юм. Ийнхүү тэрбээр "Зөвлөлдөж шийдье" зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шатны Зөвлөлдөх уулзалтыг хааж үг хэллээ.
Тэрбээр "Монголын төр оршин тогтнож, Монголын ард түмэн байгаа цагт ард түмний дуу хоолой бүхнээс хүчтэй байх болно. Иймд Улсын Их Хурал энэ хоёр өдрийн хэлэлцүүлгээс гарсан бүх санал, шүүмжлэлийг нухацтай судлах болно. Мэдээж, бүх зүйл өргөс авсан мэт сайн сайхан болж чадахгүй. Нийт үндэстний ухамсар сэргэж, сэтгэлгээний өөрчлөлтийг хийж байж бид тулгамдсан асуудлуудаа шийдвэрлэж чадна.
Зөвлөлдөх уулзалт хүн бүхний сэтгэлгээнд өөрчлөлт авчирсан гэж итгэж байна. Бид мэдээлэлгүй байхдаа юмыг хэрхэн дүгнэж байв, мэдээлэлтэй болоод үзэл бодол маань хэрхэн өөрчлөгдөж байна вэ, нийгмийн сүлжээний дуулиан шуугиан, сэтгэлийн хөдлөлөөр хандсан асуудал үргэлж зөв байдаггүй гэдгийг харсан байх.
Зөвлөлдөх санал асуулгын хүрээнд та бүхэн тэнцвэртэй мэдээлэлтэй болж байж саналаа өгч байгаа шиг ард иргэд аливаа асуудалд хандахдаа сайтар судалж, эерэг, сөрөг талыг тэнцвэртэй шүүн тунгаасны үндсэн дээр шийдвэр гаргадаг байж гэмээнэ ардчилал төлөвшиж, тогтворжиж, үр дүнтэй болно. Та бүхний өгсөн санал асуулгын дүнд үндэслэж, Монгол Улсаа сэргээн мандуулах жинхэнэ “Шинэ сэргэлт”-ийг хэрэгжүүлж, монгол хүн бүхний сайн сайхан амьдралын баталгааг хангах Монгол төрийн бодлогыг боловсруулж, шийдвэр гаргах болно. Ард түмнийхээ санал бодолд тулгуурлаж шийдвэр гаргадаг, хэрэгжүүлж чаддаг болсон цагт Монголын ардчилал батжиж, Монгол Улс маань сэргэн мандана. Жижиг бүлгийн хэлэлцүүлгүүдэд иргэд чин сэтгэлээсээ, хувийн бус нийтийн ашиг тусын тулд яаж сэтгэлээ илэрхийлэн, ажил хэрэгчээр идэвхтэй, санаачлагатай оролцож байгааг хараад гайхан биширч, би монгол хүний саруул ухаанд итгэдэг гэсэн ардчиллын итгэл үнэмшил минь батжиж байсан" гэв.