УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг үг хэллээ.
Тэрбээр "Бид ард түмнээс сонгогдсон төлөөлөгчид. Ард түмний мэдэх эрхийг их боогдуулж байна. Жилийн өмнө хэдэн гишүүдийн бүрэн эрхийг хэлэлцэж байсан. Улс орон даяар гэмтэй хулгайч гээд хэдэн хүнийг зарладаг. Хуулиар тогтоогдоогүй байхад гэмтэн гэж зарлаж болохгүй. УИХ-аар хэлэлцэж байж зарладаг. Хэд хоноод юм уу, хэдэн сарын дараа хүмүүсийнх нь нэр солигдож орж ирдэг. Бид тийм зүйл хийгээгүй гэхээр нь тэгвэл өөр хүн байх юм байна гээд хайж олдог юм шиг байгаа юм. Ингэснээр хуулийн байгууллагын нэр хүнд уначихлаа. Хэн нь гэм буруутай эсэхийг хуулийн байгууллага мэдэхгүй байна. УИХ дээр оруулж ирээд, гэмтэй гэж зарлачхаад, хаалттай хуралддаг горимыг өөрчилөмөөр байна. Ил тод яримаар байна. Энэ бол МАН-ын хоорондох тоглоом биш байна. Улс орны хувь заяагаар тоглосон тоглоом болохвий.
УИХ дээр түдгэлзүүлэх гэж явчихаад, хууль хяналтын байгууллага руу явуулахаар хууль хяналтын байгууллага шүүх рүү шидчихэж байна. УИХ-ын гишүүдийн асуудлыг шүүх ил тод хэлэлцэж шийдвэрлэмээр байна.
Хоёрдугаарт, шударга бусын эсрэг ядарсан Монгол иргэд маань баялагтаа эзэн болохоор тэмцэж байна. Иргэд, бизнес эрхлэгчдийн хэлээд байгаа зүйлс үнэн. Үнийн өсөлтийн талаар УИХ хэлэлцмээр байна. Мөн бизнес эрхлэгчдийг хэрхэн дэмжих талаар ярилцмаар байна. Энэ бодлогын асуудлууд хоцорч үлдэх ёсгүй" гэв.
Д.Батчулуун