Дөрөвдүгээр сарын 8-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан ой хээрийн түймэр салхи болон байгалийн хүчин зүйлийн нөлөөгөөр хурдтай тархаж, Дорнод аймгийн Матад, Халхгол сумын нутагт тархсан. Халхгол суманд дэгдсэн түймрийг мэргэжлийн бүлгүүд, иргэд хамтран ажилласны эцэст, мөн Экспедици-2 Халхгол сумаас баруун зүгт 35 км-т Ташгай баг орчмоор харвалт үйлдэж, үүлэнд нөлөөлснөөр бүрэн унтрааж чаджээ.
Түймрийг унтраах ажиллагаанд онцгой байдлын байгууллагын 109 алба хаагч, хилийн цэрэг, зэвсэгт хүчин болон сум орон нутгийн мэргэжлийн ангийн 260 орчим хүн 20 гаруй техник хэрэгсэлтэйгээр ажилласан байна. Мөн Үндэсний аврах брагидаас шадар сайдын өгсөн үүргийн дагуу зэвсэгт хүчний 303-р ангийн нисдэг тэрэгтэй 27 алба хаагч бүхий бүлэг үүрэг гүйцэтгэжээ.
Урьдчилсан байдлаар 9 айлын гэр, хашаа саравч түймэрт өртсөн гэх мэдээллийг ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр өглөө. Харин түймэр гарсан шалтгааныг цагдаагийн байгууллагаас тогтоож, мэргэжлийн байгууллага болгоны төлөөлөл, түймрийн хохирлын хэмжээг тогтоохоор ажиллана гэдгийг хэлж байлаа.
М.ДЭВЭЭ