Өнөөдөр Сүхбаатарын талбай дээр 1930-аад оны хэлмэгдүүлэлтэнд өртөж нас барсан хүмүүсийн төрсөн хүүхдүүд суулт зарлаж, УИХ-ын нэр бүхий 10 гишүүнд шаардах бичиг хүргүүлэх гэж байна. Эцэг эх нь хэлмэгдэж нас барсны дээр тэднийг эсэргүүний хүүхэд гэж сурч боловсрох, эд хөрөнгөтэй байх эрхийг нь хассанаар өнөөдөр эдгээр иргэдийн ихэнхи нь нийгмийн доод түвшний амьдралтай байгаа аж. Тиймээс төрөөс тэдэнд тусламж өгөх ёстой гэж үзэж байгаа бөгөөд дараах гурван шаардлагыг тавьжээ.1. Хэлмэгдэгсдийн төрсөн үр хүүхдүүдэд тус бүр хоёр өрөө байрны дундаж үнэ болох 50 сая төгрөг олгох.
2. 2013 оны Монгол улсын төсөвт дээрх мөнгийг тусгах
3. 1930-аад оны хэлмэгдүүлэлтээр эцэг, эхээс нь хурааж авсан хөрөнгөө хэрхэн зарцуулсан тухай тайланг МАН-аас гаргуулахыг хүсч байгаа аж.
Тэд сарын өмнө нь энэ хүсэлтээ УИХ-ын Өргөдөл, гомдлын байнгын хороонд өгсөн ч энэ оны төсөвт оруулах шинжгүй байгаа тул ийнхүү УИХ-ын дарга З.Энхболд болон Д.Эрдэнэбат, Н.Энхболд, Ж.Батзандан, С.Оюун, Р.Бурмаа зэрэг арав гаруй гишүүнд хүргүүлж байгаа юм. Одоогоор энэ шаардлагад 110 хүн гарын үсэг зураад байна. 2010 оны байдлаар 1930-аад онд эцэг эх нь хэлмэгдсэн 2300 гаруй хүн байгаа гэсэн тоо гарчээ. Эдгээр иргэд өдгөө 60-90 настай бөгөөд жил ирэх тусам хөгшчүүл нь ховоогийн мөнх бусыг үзүүлж цөөрсөөр байгаа аж. Тиймээс ямааны ноолуурын үнэ зах зээлд унахад нөхөн төлбөр өгдөг байж төрийн буруугаас эцэг эхээ алдсан иргэдийг заавал харж үзэх ёстой гэж тэд үзэж байгаа юм. Хэрэв энэ шаардлагыг нь хүлээж авахгүй он дамнавал тэмцлийн дараагийн хэлбэрт шилжих бөгөөд “Хэлмэгдэгсдийн төрсөн үр хүүхдүүд” гэсэн холбоо байгуулах төлөвлөгөөтэй байгаа аж.




















































Сэтгэгдэл (3)