
ЗГҮЦ-ны анхдагч болон хоёрдогч зах зээлийг хөгжүүлж, арилжааны үйл ажиллагааг тогтмол хэрэгжүүлснээр Монгол Улсын Засгийн газрын үнэт цаасны өгөөжийн муруй бүрдэх бөгөөд энэ нь санхүүгийн зах зээлд компаниуд өрийн хэрэгсэл гаргахад зах зээлийн жишиг хүү болох ба хөрөнгө оруулагчид болон санхүүгийн эх үүсвэр шаардлагатай байгаа дотоодын компаниуд хөрөнгө босгоход нь эерэгээр нөлөөлөх юм.
Богино хугацаат ЗГҮЦ нь Төв банкны үнэт цаасны нэгэн адил мөнгөний бодлогын хэрэгсэл байдлаар ашиглагдах, улмаар мөнгөний бодлогын зорилтыг хангахад дэмжлэг үзүүлэх бөгөөд голчлон институциональ хөрөнгө оруулагчид болох даатгалын компаниуд, хамтын сангууд, хөрөнгө оруулалтын болон арилжааны банкууд гэх мэт томоохон хөрөнгө оруулалтын байгууллагуудад хуримтлагдсан чөлөөт эх үүсвэрийг зах зээлд дахин хуваарилах, тэнцвэржүүлэх үйл ажиллагааг дэмжих болно.
Түүнчлэн, энэхүү журмыг баталсан нь улсын төсөв болон мөнгөний бодлогын харилцан уялдааг хангах чухал алхам болов.
Уг үйл ажиллагаанд Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал, Сангийн дэд сайд С.Пүрэв нар болон албаны бусад хүмүүс оролцлоо.
Эх сурвалж: mongolbank.mn